Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй /2019-09-03/-ний өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборын Гэр өргөөнд уулзлаа. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр орны хооронд ахан дүүсийн гүнзгий харилцаа тогтсон хэмээн онцоллоо.
Уулзалтын эхэнд урилгыг нь хүлээн авч, Монгол Улсад албан ёсоор айлчилж, Халх голын дайны ялалтын 80 жилийн баярт хамт оролцож буйд Ерөнхийлөгч Х.Баттулга талархал илэрхийлэв. Тэрбээр, “Энэ ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр хоёр тал төлөвлөсөн бөгөөд “Русские витязи” нисэх онгоцны багийн үзүүлэх тоглолт Монголчуудын сэтгэлийг хамгийн их хөдөлгөснийг тэмдэглэв.
~ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: Хоёр орны хооронд ахан дүүсийн гүн харилцаа тогтсон~
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр, “Халх голын дайны өндөр ойг тэмдэглэж байгаа нь хоёр ард түмнийг илүү нэгтэж байна. ЗХУ нь Халх голын дайны үед Монгол Улсыг дэмжиж байсан. Мөн Монгол Улс ч ЗХУ-ыг нацизмын эсрэг тэмцэхэд чадах бүхнээрээ тусалсан” гэлээ. Мөн “Дайны дараа ч хоёр орны ард түмэн найрсаг харилцаатай байж ирсэн нь жинхэнэ ахан дүүсийн харилцаа юм” хэмээн онцолжээ.
Уулзалтад, Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат нар оролцов.
ОХУ-ын талаас ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, Ерөнхийлөгчийн туслах Ю.В.Ушаков, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал Г.В.Зиновьев нар оролцлоо.
эх сурвалж: montsame.mn